Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

Эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүвний үрэвсэл ба наалдацын шинжилгээ
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Уретрит яагаад үүсдэг вэ?
Уретритийг үүсгэдэг гол хүчин зүйлс нь нян, вирус юм. Ихэнх тохиолдолд нянгаар үүсгэгдсэн байдаг. Түүнчлэн уретритийг үүсгэж буй нян нь бөөр, давсаг болон шээс бэлгийн сүвэнд үрэвсэл үүсгэдэг.

Уретрит үүсгэдэг нянгууд:

Neisseria gonorrhoeae- Заг хүйтэн
Chlamydia trachomatis- Хламиди трахоматис
Mycoplasma genitalium- Микоплазм генаталиум ордог
Уретрит үүсгэдэг вирус:

Cytomegalovirus – Цитомегаловирус
Herpes simplex virus – Хомхойн вирус
Human papilloma virus – Хүний папиллома вирус
Заг хүйтэн нь шээс бэлгийн сүвний үрэвслийг үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчний нэг.

Гонококкын бус уретрит гэдэг нь заг хүйтнээр бус бусад төрлийн эмгэгээр үүсгэгдсэн үрэвслийг хэлдэг. Үүний шалтгааны 50 хувь нь бэлгийн замын халдварт өвчний нэг болох хламиди болох нь нотлогдсон.

Түүнчлэн ганцхан нянгаас гадна вирусын гаралтай гонококкын бус уретрит байдаг. Эдгээрээс гадна давсагны гуурс, саван, спермицид (жирэмслэлтээс хамгаалах гель), стеноз (шээс бэлгийн сүвний нарийсал) зэрэг нь үрэвсэл үүсгэдэг.

Уретриттай 10 эрэгтэй тутмын гуравт нь уретрит үүссэн шалтгаан тодорхойгүй байдаг.

Зарим тохиолдод эрэгтэйчүүдэд гонококкын болон гонококкын бус уретрит давхар явагддаг.

Уретрит ямар хүнд илэрдэг вэ?

Бэлгийн идэвхтэй амьдралтай 35-аас доош насны болон бэлгийн амьдралын хамтрагчаа сольсон эсвэл хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бол илрэх магадлал өндөр байдаг. Түүнчлэн ижил хүйстнүүдийн дунд элбэг тохиолддог.

Уретритийн үеийн шинж тэмдэг ямар байдаг вэ?

Шээс бэлгийн сүвнээс ялгарал гарах. Гэхдээ ихэнх тохиолдолд гарахгүй байх магадалтай байдаг.
Шээх үед хорсох болон зовиуртай байх. Тус шинж тэмдэг нь шээсний халдвартай андуурагдах магадлалтайг анхаарна уу.
Бэлэг эрхтэний дотор загатнах эсвэл ойр ойрхон шээх мэдрэмж төрөх.
Зарим эрэгтэйчүүд нь уретриттэй хирнээ шинж тэмдэг илрэхгүйгээр явдаг. Жишээ нь хламидийн халдвар авсан эрэгтэйчүүдийн дийлэнхид нь ямар ч шинж тэмдэг, зовиур илэрдэггүй.
УРЕТРИТ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

Зарим тохиолдолд шинж тэмдэг нь хэдэн сарын хугацаанд өөрөө намждаг тохиолдол байдаг. Хэрэв уретрит нь бактерийн гаралтай бол шинж тэмдэг намдсан ч тус бактер нь шээс бэлгийн сүвд байсаар байдаг.

Үүнээс гадна тухайн өвчтөн нь бусдад халдвар тараагч болдог. Уретритийг үүсгэгч гол бактер болох бэлгийн замаар дамждаг шинж тэмдэг өгдөггүй хламиди нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн шээс бэлгийн замын үрэвсэл, үргүйдэл, үений үрэвсэл, нүдний салстын үрэвсэл болон зүрх судасны өвчний шалтгаан болдог.

ХЭРЭВ УРЕТРИТИЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙГАА БОЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Юун түрүүнд мэргэжлийн эмчид хандана уу.
Наалдацын шинжилгээ өгөх.
PCR буюу молекул биологийн шинжилгээ өгөх.
ДОХ, Гепатит, Тэмбүүгийн шинжилгээг өгөх.
Эмч нь антибиотикийг шинж тэмдгээс хамааран сонгодог бөгөөд халдварыг устгадаг. Иймд антибиотик эмчилгээ хийлгүүлж байгаа тохиолдолд эмчилгээг дуустал нь явах.
Хэрэв танд заг хүйтэн илэрсэн тохиолдолд эмчилгээ дууссанаас 3-7 хоногийн дараа дахин шинжилгээ өгөх.
Хэрэв бэлгийн замын халдвар илэрсэн тохиолдолд хамтрагчаа давхар шинжлүүлэн эмчилгээ хийлгүүлэх.
Эмчилгээ дуустал бэлгийн хавьталд орохгүй байх.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НААЛДАЦЫН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ ?

Мазок буюу наалдацын шинжилгээ ганцхан эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүдэд ч хийгдэх боломжтой шинжилгээ. Тус шинжилгээ нь эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүвэн дэх нянгийн харьцаа, үрэвсэл болон мөөгөнцрийг эмнэлзүйн лабораторит тодорхойлж хийгддэг.

Шээс бэлгийн сүвнээс авсан наалдацын шинжилгээгээр юуг оношилж тодорхойлох боломжтой вэ?

Наалдацын шинжилгээгээр шээс бэлгийн сүвний үрэвсэл, нянгийн хэмжээг тодорхойлдог бол PCR буюу молекул биологийн шинжилгээгээр шээс бэлгийн сүв, түрүү булчирхайн үрэвсэл болон бусад өвчнийг үүсгэдэг бэлгийн замаар дамждаг (хламиди, заг хүйтэн, трихомониаз, уреаплазм, микоплазм)-ийг илрүүлдэг. Заг хүйтний хурц халдвар буюу шинэ халдварыг наалдацын шинжилгээгээр илрүүлэх боломжтой байдаг.

Наалдацын шинжилгээний дүнг үндэслэн цаашлаад бактериологи (нян ургуулах), PCR (БЗХӨ тодорхойлдог) шинжилгээг өгөх үгүйг эмчлэгч эмч шийдвэрлэдэг. Ингэснээр үүсгэж буй эмгэг төрөгчийг алдаагүйгээр нарийн тодорхойлж ямар эмчилгээ хийхээ сонгодог.

Эрэгтэйчүүдийн наалдацын шинжилгээг хэрхэн авдаг вэ?

Наалдацын шинжилгээг авдаг тусгай хөвөн бамбарыг эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүв рүү ойролцойгоор 1 см хүртэл оруулдаг. Шээс бэлгийн сүв рүү гадны биет орох нь тааламжгүй бөгөөд бага зэргийн өвдөлт өгдөг. Шинжилгээ авснаас хойш хэдэн цагийн турш бага зэргийн өвдөлт, хорсолт мэдрэгдэх нь хэвийн үзэгдэл юм.

Наалдацын шинжилгээ өгөхдөө өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

Хэрэв та наалдацын шинжилгээ (мазок) өгөхөөр шийдсэн бол дараах зааврыг дагана уу.

1-2 хоног бэлгийн хавьталд ороогүй байх.
Бэлэг эрхтэний ариун цэврийг шинжилгээний урд өдрийн орой нь сахих. Шинжилгээ өгөх өдрийн өглөө угаах шаардлагагүй.
Шинжилгээ өгөхөөс өмнө 2-3 цаг шээхгүй байх.
Шинжилгээ өгөхөөс өмнө 7 хоногийн турш ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхгүй байх. Зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх эмийн жорыг дагана.
Наалдацын шинжилгээний дүгнэлт

Лейкоцит (цагаан эс ) – дархлааны системийн эс бөгөөд эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүвэнд бага хэмжээтэйгээр оршдог. Эрүүл эрэгтэйн наалдацын шинжилгээний лейкоцит нь 0 – 5 байх ёстой. Хэрэв лейкоцитын тоо 5 – аас их болсон тохиодолд шээс бэлгийн сүв үрэвсэлтэй байгааг харуулна.

Эпитель – шээс бэлгийн сүвэн дэх гадаргуугийн эс. Эрүүл эрэгтэйн эпитель нь микроскопын харагдах талбайд 5 – 10 байна. Хэрэв эпителийн тоо ихэссэн бол үрэвслийн шинж тэмдгийг харуулдаг.

Салс – бага зэргийн салс ялгарах нь хэвийн бөгөөд үрэвслийн үед хэт их ялгардаг.

Кок (стафилококк, энтерококк, стрептококк) – нь тодорхой нөхцөлд өвчин үүсгэдэг нянгууд. Эрүүл эрэгтэйн шээс бэлгийн сүвэнд багахан хэмжээний ашиггүй нян байдаг. Уретрит буюу шээс бэлгийн сүвний үрэвсэл нь ашиггүй нянгийн тоо ихэссэн тохиолдолд үүсдэг.

Гонококк (Gn, диплококк) – нь эрүүл эрэгтэйн шээс бэлгийн сүвэнд байхгүй байх ёстой. Заг хүйтэн нь гонококкоор үүсгэгддэг бөгөөд (эс доторх грам сөрөг диплококк) шинэ халдварын үед наалдацын шинжилгээгээр илэрдэг.

Трихомонад – нь бэлгийн замаар дамждаг өвчин бөгөөд эрүүл эрэгтэйн наалдацын шинжилгээгээр илрэх ёсгүй. Гэхдээ эрэгтэйн наалдацын шинжилгээнд трихомонад илрэх нь ховор байдаг.

Наалдацын шинжилгээний дараа яах ёстой вэ?

Наалдацын шинжилгээний дараа ямар нэгэн хориглосон заалт байхгүй. Дээр дурьдсанчлан наалдацын шинжилгээний дараа бага хэмжээний өвдөлт, зовиур, тааламжгүй мэдрэмж эсвэл хорсох талтай байдаг. Эдгээр зовиур нь аяндаа алга болдог.

Хэрэв зовиур удаан хугацаагаар явагдах эсвэл шээс бэлгийн сүвнээс өнгөтэй (шаргал ногоон) ялгарал гарвал зайлшгүй мэргэжлийн эмчид хандана уу.

Наалдацын шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан тохиолдолд та юуг анхаарах ёстой вэ ?

Хэрэв наалдацын шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан бол айж сандрах болон сэтгэл санаагаар унах шаардлагагүй. Орчин үеийн анагаах ухаан нь ямарваа нэгэн үрэвслийн шинж тэмдгийг эмчлэх арга зүй нь улам сайжирсан учир бүрэн эмчлэгдэх боломжтой. Иймд:

Зайлшгүй мэргэжлийн эмчид хандах. Шинжилгээний дүнг үндэслэн эмч нэмэлт шинжилгээ авах магадлалтай байдаг. Үүнд: бактериологи (нян өсгөвөрлөх), БЗХӨ илрүүлэх PCR шинжилгээ зэрэг орно.
Эмчид хандахаас өмнө дур мэдэн эмийн бэлдмэл хэрэглэж болохгүй.

error: Контент хамгаалагдсан байна !!