”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
Шээс бэлгийн замын микоплазмын халдвар
Шээс бэлгийн замын микоплазмын халдвар нь нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.
Халдвар дамжих зам: Халдвартай хүнтэй хамгаалалт(бэлгэвч)-гүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.
Илрэх шинж тэмдэг: Нууц үеийн (ямар нэг шинж тэмдэг илрэхгүй үе) үргэлжлэх хугацаа янз бүр, халдвар авснаас хойш 3 хоногоос 3-5 долоо хоног байна.
Шээс бэлгийн замын микоплазм, уреаплазмын халдвар нь шинж тэмдэг балархай болон шинж тэмдэггүй хэлбэрээр ихэвчлэн тохиолддог.
Эрэгтэй хүнд балархай хэлбэр зонхилон тохиолдох ба энэ үед шээсний сувагт бага зэрэг загатнах, эрвэгнэх, хорсох зэрэг зовиур илрэх ба шээсний сүв улайж үрэвсээгүй байж болно, амсар нь хоорондоо нийлж, өглөөд шээсний сүвнээс дусал маягийн салсархаг ялгадас гарч болно. Ялгадас нь бага хэмжээтэй, салсархаг, салсархаг идээрхэг байна
Эмэгтэй хүнд бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх зовиур илэрч бага зэрэг салсархаг идээрхэг ялгадас гарна. Цөөнгүй тохиолдолд эмэгтэйчүүдэд уг халдвар зовиур шаналгаа, шинж тэмдгийн илрэлгүй явагдаж, зөвхөн шинжилгээгээр илэрдэг.
Хүндрэл:
Шээс бэлгийн замын микоплазм, уреаплазмын халдвар эмэгтэйчүүдэд давсаг, умай болон өндгөвч, умайн гуурсан хоолойг өвчлүүлж улмаар аарцгийн хөндийн эрхтний архаг өвдөлт, үргүйдэл зэрэг хүндрэлүүд үүсгэж болох ба эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөг болон төмсөгний дайвар гэмтээнэ. Мөн жирэмсэлтэд нөлөөлж зулбах, дутуу төрөх, төрсний дараах болон үр хөндөлтийн дараах хүндрэлүүд үүсгэх шалтгаан болдог.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэх
- Бэлгийн хосдоо үнэнч байх
- БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 6-12 сар тутам тогтмол хамрагдах
- Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх
- БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчин илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх
- Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх
Сүүлийн сэтгэгдэлүүд